Манай улсад 149 төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Харин тэднийг аль нь чанартай аль нь чанаргүйг ялгаж өгч байгаа хамгийн том шалгуур нь магадлан итгэмжлэл. Сүүлийн мэдээгээр 149 их дээд сургуулиас 88 нь магадлан итгэмжлэл авсан байх бөгөөд үүний 51 нь хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэл авсан.
Магадлан итгэмжлэл гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа.
Тэгэхээр манайд чанарын шаардлага хангасан, магадгүй давуулан биелүүлсэн дээд боловсролын байгууллага 88 байна гэж хүлээн зөвшөөрч болох нь, бас ч бахдууштай зүйл шүү.
Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь тухайн боловсролын байгууллага Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс (БМИҮЗ) гаргасан стандарт үзүүлэлтийн дагуу эрхэм зорилго, зорилт, санхүү эдийн засаг, барилга байгууламж материаллаг нөхцөл, сургалтын агуулга, эрдэм шинжилгээний ажил, багш, суралцагч, номын сан, удирдлага зохион байгуулалт зэрэг 9 чиглэлээр үйл ажиллагаандаа иж бүрэн үнэлэлт, дүгнэлт өгч өөрийн үнэлгээний тайлан бэлтгэдэг
Эцэст нь БМИҮЗ-өөс гаргасан шинжээчид тайлангийн үнэн бодитой эсэхэд нарийвчлан шалгалт хийж БМИҮЗ-ийн хуралдаанаар шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцээд тухайн сургуулийг магадлан итгэмжлэх эсэхийг нууц санал хураалтаар шийдвэрлэдэг. Бүх зүйл ойлгомжтой.
Мөн дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэхэд тавих урьдчилсан шаардлагууд гаргаж өгнө. Энэ бол мэдээж, хамгийн чанартай сайн сургуулийн давах шалгуур. Жишээ болгон ганцхан шалгуурыг нь дор сийрүүлбээс,
12. Сургалтын байгууллагын өмчийн, стандартын шаардлага хангасан зориулалт бүхий хичээлийн байр, спортын заал, танхим, эзэмшил газартай, сургалтанд шаардлагатай тоног төхөөрөмж, номын сан, ном, бусад материаллаг нөхцөлөөр хангагдсан, энэ талаар төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, норматив үзүүлэлтүүдийг бүрэн биелүүлсэн байх ёстой.
Үүнийгээ дараах байдлаар нотолно.
Нотлох баримт:
а/ Барилга, байгууламж:
|
№ |
Хичээлийн болон оюутны байр, эзэмшил газрын тухай |
Хариулт, тайлбар |
|
1 |
Хичээлийн байрны ашиглалтанд орсон хугацаа, анхны зориулалт |
|
|
2 |
Сургалтын зориулалттай талбайн хэмжээ |
|
|
3 |
Оюутны байрны ашигтай талбайн хэмжээ |
Орон нутгаас суралцагчдын дотуур байрны асуудлыг өөрийн хэмжээнд шийдвэрлэсэн байна. |
|
4 |
Эзэмшил газрын хэмжээ |
|
б/ Тоног төхөөрөмж, ном хэвлэл, бусад материаллаг хангамж:
|
№ |
Материаллаг хангамж |
Хариулт, тайлбар |
|
1 |
Сургалтын тоног төхөөрөмж |
|
|
2 |
Номын сан, ном |
|
|
3 |
Бусад /тодорхойлно уу/ |
|
Энэ мэтчилэн 13 зүйл шаардлагад нийцсэн байх. Үнэхээр энэ бүх шаардлагуудад нийцсэн сургуульд боловсрол эзэмших аваас заавал гадагшаа явж дэлхийн томоохон сургуулиудад сурах хэрэг юу байнаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.
Сургуулиудын өөрсдөө бэлтгэсэн тайланд тавих шалгуурууд, үндэсний зөвлөлөөс гаргасан урьдчилсан шалгуурт нийцсэн тохиолдолд ямар нэгэн асуудалгүй магадлан итгэмжлэх нь тодорхой. Тийм ч болоод монголын их дээд сургууль, коллежуудын 88 нь магадлан итгэмжлэл авсан биз.
Харамсалтай нь спортын заал, дотуур байр байтугай вэб сайт, шаардлага хангасан номын сан, интэрнеттэй сургууль нүдний гэм. Бишээ, зөндөө олон байгаам байна. Хааяа магадлан итгэмжлэгдсэн сургууль маань дампуурах, оюутнуудаа гадаадад сургуульд явуулна гэж залилах ганц нэг тохиолдол ч бий ч наян юман дотор тиймэрхүү ганц нэг юм андуурагдаад магадлан итгэмжлэл авчихсан байж болох л юм гэж чанартай сургуулиудаа хамгаалъя.
2006-2007 оны хичээлийн жилд 25938 оюутан төгссөний 9562 нь ажилд орсон. 2007-2008 оны хичээлийн жилд 150326 оюутан суралцаж байгаагийн 133071 нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцсан. 2008-2009 оны хичээлийн жилд 161111 оюутан суралцаж байна гэсэн статистик мэдээ байх юм.
Тэгвэл:
- Магадлан итгэмжлэлийн энэ гайхамшигтай шалгуурт нийцсэн хорвоод хосгүй сургуулийг төгссөн тэр олон оюутнууд яагаад ажилгүйчүүдийн фронтын манлайд явна вэ?
- Магадлан итгэмжлэл ийм сайн шалгууртай түүнд нь тийм олон оюутнууд сураад байхад яагаад дээд боловсролын чанар дээшлэхгүй байна.
- Сургуулиуд дотуур байргүй, спорт заалгүй, өөрийн өмчийн байргүй, чанаргүй, тавьсан шаардлагууддаа хүрэхгүй байхад яагаад магадлан итгэмжлээд байна.
- Яагаад сайн чанартай гээд магадлаад итгэмжилчихсэн сургууль маань дампуураад байна. Яагаад оюутнуудаа гадаад явуулна гэж баахан мөнгө залилаад байна.
Өнөөгийн нөхцөл байдал:
" Mанай сургууль магадлан итгэмжлэгдээгүй. Сургуульдаа элсэлт авах гэж хөдөө орон нутагт хоёр жил ажилласан, харамсалтай нь ганц ч элсэлт авч чадаагүй. Эцэг эхчүүд нэг л зүйлийг асуудаг "Танай сургууль магадлан итгэмжлэл авсан уу?" Тэгээд л бүх зүйл ойлгомжтой. Төгсөөд ажлын байр ямар вэ? Хэр сайн сургалттай вэ? Ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг вэ? Гадаад харилцаа хэр сайн бэ? гэдэг бол ямар ч хамаагүй асуудал зөвхөн магадлан итгэмжэлгүй л бол асуудал дуусаа" (нэгэн багшийн ярианаас)
Хувийн их дээд сургуулийн дунд явуулсан судалгааны дүнгээс хархад магадлан итгэмжлэл нь их дээд сургуулуудын чөлөөт өрсөлдөөнд сөргөөр нөлөөлдөг гэсэн бодомжтой 73,5% нь санал нийлсэн бөгөөд үүний 92,4% нь магадлан итгэмжлэгдээгүй сургуулиуд байна.
Манай улсын их дээд сургуулиуд улсын хувийн гэлтгүй бүгд л сургалтын төлбөрөөр голоо зогоодог. Оюутан элсүүлэх гэсэн чин эрмэлзэл бол их дээд сургуулиуд, тэр тусмаа хувийн сургуулиудын хувьд гол зорилго. Харин өрсөлдөөнд төр оролцсоноор сургуулиуд сургалтын чанараар биш хэн нь магадлан итгэмжлэл авсан байна гэдгээр хязгаарлагдах болжээ.
Магадлан итгэмжлэл авах явцад БМИҮЗ ямар нэгэн хүнд суртал гаргаж байсан уу? Хариулсан их дээд боловсролын байгууллагын төлөөллийн 72% нь хүнд суртал гаргаж байсан гэсэн хариултыг сонгосон байна.
"Манай сургууль дээр магадлан итгэмжлэхийн гурван шинжээч ажилласан. Шинжээч нарын ахлагч гэж нэг хүн эхэнд нь нэг ирээд л төгсгөлд нь нэг ирээд л алга болчихсон. Нөгөө хоёр нь үнэлгээ дүгнэлтээ хийсэн боловч ахлагч гуай зөвлөлдөө тайлангаа тавихгүй алга болсон. Зөвлөл дээр нь очоод арга хэмжээ аваач гэсэн боловч ямар ч хариуцлагын тогтолцоо байхгүй байсан. Тэгээд манай сургууль хойшлогдсон байгаа" (нэгэн коллежийн захирлын ярианаас)
Магадлан итгэмжлэл авахад яг ямар хүндрэл гарч байгааг тодорхойлоход
Судалгааны асуулгыг магадлан итгэмжилсэн болон магадлан итгэмжлэгдээгүй сургуулиар харьцуулж үзэхэд магадлан итгэмжлэл аваагүй сургуулиуд БМИҮЗ хүнд сурталтай, танил тал хардаг гэсэн хариулт дийлэнх хувийг эзэлж байсан бол магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд энэ тал дээр итгэмжлэгдээгүй сургуультай харьцуулахад бага жин эзэлсэн байна. Магадлан итгэмжлэл бол чанарын шалгуур мөн гэж магадлан итгэмжлэгдсэн сургуулийн 66% нь үзсэн бол магадлан итгэмжлэгдээгүй сургуулийн 72% үүнтэй санал нийлэхгүй байна.
Мөн судалгаагаар магадлан итгэмжлэл авахад бодит тайлан бичих шаардлагагүй гэж 75% нь хариулсан бол БМИҮЗ-аас гаргасан стандарт шалгуурууд тийм ч оновчтой бус гэж 63,5% нь хариулсан.
"БМИҮЗ -д дандаа их дээд сургуулиудын захирлууд байдаг. Мэдээж хэн ч гэсэн өрсөлдөгч гарч ирэхэд дургүй л байна шүү дээ. Тэгээд ч тэдэнд өөрийнхөө сургуульд магадлан итгэмжлэл авах асуудал биш болно биз дээ" (нэгэн коллежийн захирлын ярианаас)
Дээрхээс харахад:
- Магадлан итгэмжлэлийн шалгуур стандартууд нь тийм ч оновчтой биш
- БМИҮЗ нь хүнд сурталтай.
- БМИҮЗ -д их дээд сургуулийн захирлууд орсноор ашиг сонирхлын зөрчил бий болсон.
- Магадлан итгэмжлэл авахад стандарт шалгуураас өөр хүчин зүйл нөлөөлж байна.
- Боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл нь чанарын илэрхийлэл болж чадахгүй байна.
- Боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл нь дээд боловсролын байгууллагын чөлөөт өрсөлдөөнийг боомилж байна.
Шийдвэрлэх арга зам байна уу?
Үнэн хэрэгтээ боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур хэтэрхий материаллаг, тоон, хийсвэр шинжтэй байна. Манай улс шиг хүн амын амьжиргааны түвшин доогуур улс оронд энэ хүнд даваа.
Энэ шалгуурыг давж чадах сургууль яавч 88 байж чадахгүй. Шалгуур үзүүлэлтүүдэд барилга байгууламж оюутны байр, слорт заалнаас илүүтэйгээр сургалтын чанарыг голлох хүчин зүйл болгож ажлын байрны хувьд бусад сургуулиудтай өрсөлдөх хэмжээний боловсон хүчин бэлтгэн гаргахыг зорилго болгох нь чухал байна. Үүнийг хэмжихдээ ажлын байрны баталгаа хэр байгаагаар судалж болох юм.
БМИҮЗ, шинжилгээний баг, хяналтын албанд их дээд сургуулийн удирдлагууд байгаа нь хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Харин үүний оронд Ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл гэх мэт төрийн бус байгууллагын төлөөллийг татан оролцуулснаар дээр дэвшүүлсэн шалгуурыг шинжлэх орчин бий болгож болно.
Мөн үүнд авлигатай тэмцэх газрын төлөөлөл байх ёстой. Тухайн дээд сургуульд авлига ямар байна гэдгийг ч бас нэгэн шалгуур болгох хэрэгтэй. Ингэснээр багш ном шахдаг, дүнгээ мөнгөөр гаргуулдаг гэх мэт асуудлыг шийдэхэд ч гэсэн тодорхой хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.
Эсвэл бүүр магадлан итгэмжлэл гэсэн гайхамшигтай үгээ орхиод энэ шалгуурт тэнцсэн сургуулийн оюутныг төрийн сангийн тэтгэлэгт хамруулна гэдэг эрх олгоё. Ингэснээр сургуулиудын чөлөөт өрсөлдөөн сэргэж боловсролын чанар дээшлэх хөшүүрэг болох нь дамжиггүй. Ер нь мөнгө өгөх бол тэрийгээ л хэлсэн нь дээр шүү дээ. Түүнээс бус магадлан итгэмжлэл гэсэн нэр зохихгүй. Мөнгөнд дургуй хэн ч байхгүй!!!
Төрийн сангийн тэтгэлгээр хүүхдээ сургах гэсэн сэдэл нийгэмд газар авч ашигийн төлөө үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд энэ хэрэгцээн дээр нь тоглохын тулд ямар нэгэн аргаар заавал магадлан итгэмжлэл авах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ нь сургуулийн цаашдын хувь заяаг шийдсэн чухал алхам болдгоор барахгүй төлбөрийн найдвартай эх үүсвэртэй болох нөхцөл боломж бүрэлдэж байнаа гэсэн үг.
Тийм ч учраас сургуулиуд магадлан итгэмжлэл авахын тулд гал усанд орох, галзуу барын аманд гараа хийсэн ч буцахааргүй байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл магадлан итгэмжлэлийг хахуульдаад авчихад төрийн сангаас бялуу хүртэж байна гэсэн үг. Тэд чанартай гэсэн тодотголыг биш харин төрийн сангийн мөнгөнөөс шомбодож байна гэсэн санаа.
Харин нөгөө талд БМИҮЗ гэдэг байгууллага хариуцлагагүй, хяналтын тогтолцоо байхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, хүнд суртал газар авсан, хэтэрхий их эрх мэдэл төвлөрсөн байгаа нь АВЛИГА өгөөд магадлан итгэмжлэлээ аваа гэсэн шиг хувьсгалын тохироо бүрэлдээд байна.
Магадгүй бидний яриад байгаа боловсролын чанар, чанартай дээд боловсрол маань ч үүнтэй шууд хамааралтай.
Бостваны нэгэн сайдын ханан дээр, мөн хаалганд нь бичээстэй байдаг "ТА АВЛИГАГҮЙ БҮСЭД НЭВТЭРЧ БАЙНА" гэсэн тэр үгийг их дээд сургуулиудын ханан дээр, тэр бүү хэл Монголын боловсролын тогтолцооны тотгон дээр бичихсэн.



Намайг листендээ нэмэх бол энд дар
Сэтгэгдэлүүд:
amjilt shuu
ih surguuliin ner hunded nuluulj bn. getel erdem nom gedeg zorigtiin heldegeer sain duriinhanii aruin uils bish shuu dee. hunii uhaan hudgiin us hoyr hemgeetei bdag. nogoo talaar ene olon malchin styletei nuhdiig surgsj irgenshiliin zah zuhaas amsuulsh heregtei bh aa minii jisheegeer bol
Сэтгэгдэл үлдээх: