... Энэ орчлонд гэрэл нэмэхгүй юм
бол ядаж бүү халхал...
...Хүн хүндээ тусалж байхдаа бурханд илүү ойрхон очдог гэж үү. Тийм ээ, хүний сайхан сэтгэл гэдэг бол хүний биеэнд хорогдсон бурхан...
Бурхан гэснээс нээрээ гэгээрэлд хүрсэн хүнийг бурхан гэлцдэг билүү ?.
Цас ороосой.... хэмээн тэсэн ядан хүлээдэг балчирхан насаа, лааны гэрэлд хичээлээ хийдэг жижигхээн өрөөний бүдэг гэрэлтэй цонхоор харахиймсан. Тэгвэл цав цагаан цас ороосой чаргаа чирээд хажуу айлын эмээд ундны ус дөхүүлж, цав цагаан мөсөн чихрээр шагнуулахсан гэсэн бодол тээсэн жаахан БИ үзгээ хэмлэн суугаа даа.
Сайхан сэтгэл өвөртлүүлэн,бурханд ойртуулсан, бусдад туслахыг дөтөлж, гэрэл татуулсан тэр цас.
...Цас чи ямар ч нүгэлгүй амьтны сүнс байх аа. Тэгээд л тийм хиргүй тунгалаг цагаахан байдаг Тиймүү? Гэтэл одоо би тог тасарсан харанхуй өрөөнийхөө утаатай цонхоор уйтгартай хүмүүсийг ажиж сууна. Хажуу хашааны эмээ шигээ жаахан хүүхдэд чихэр түгээж цас шиг гэрэлтхиймсандаа...
Өөрийнхөө тухай бодлоо...
Өдгөө нийтийн унаанд таарсан буурал толгойтой хөгшинд суудал тавиад өгчихгүй тийм л залуу болжээ би.
Бусадтай л адилхан.
Энэ бол надад нийгмээс өгсөн бэлэг. Өнөөгийн манай нийгмээс олдсон нийгмийн орчин Хүссэн хүсээгүй тийм л болно маргах аргагүй . Гараад л алхана гуйлга гуйсан, алгаа тоссон хүүхдүүд, архи уусан, шүлсээ гоожуулсан ах эгч нар тоолоод байвал цасан ширхэг шиг олон тулгамдсан асуудал.
Би сайхан сэтгэл гаргаж, бурханд дөхөх гэсэндээ алгаа тоссонд нь 10 төгрөг хайрлаж, архины мөнгөнд “гуя” ханцуйвчилж болно л доо. Гэтэл ахиад маргааш тийм л байна. Миний ижил монголын бүх залуус энэ мэт аашилсан ч өнөөх л байдал үргэлжилнэ.
Ийнхүү жингүйдэж суухдаа крантаас ус гоожиж шалан дээгүүр мэлтийтэл ус урссаныг анзаарсангүй. Тэвдэхдээ бушуухан алчуур аваад усаа баахан арчив. Яг л 10 төгрөг, архины мөнгө өгч байгаа шиг арга хэмжээ болохыг гэнэт ухаарч, ус алдаж байсан крантаа хаалаа.
Тэр крантнаас л би өөрийнхөө сэтгэлгээг гоожуулж авлаа . Өөрөөр хэлбэл бид тэрхүү нийгмийн хогийн ургамлыг тасдаж хаяхаасаа илүү ургуулаад байгаа орчинтой нь тэмцэх нь чухал байна.
Үр дагавартай нь биш шалтгаантай тэмцэе гэсэн санаалдаа. .........Тог бас л ирээгүй байна. Яг одоо би бүдэгхэн лааны гэрэлтэй жижигхэн өрөөндөө бодон, бичин, санаашран сууна.
Үзгээ мэрээ л...
Хэн нэгэн одоохон миний гэрэлт цонх руу ширтээсээ. Тэгвэл цацран байгаа тэр гэрэл миний биенээс гарч байгааг мэдрэх болно. Би өөрийгөө гэгээрсэн гэж хэлэх гээгүй. Чихэр өгдөг эмээгийнхээ энэрэнгүй тусч сэтгэл, мөлийтөл элэгдсэн эрхи, хиргүй тунгалаг гэнэн балчир насандаа ойртох гэсэн юм.
Эцэст нь: би жирийн л залуу.
Би уяхан замба тивийн дэлгэсэн тэрлэг шиг хуудасны ирээдүй нь болсон олон олон гэрэл гэгээний нэг.
Би бол эх дэлхийн хөрсөн дээр эзэн нь болон дэвжсэн хүн сармагчин овогтой хүннү, сяньби удамтай, хүн төрөлхтний сая сая лааны нэг.
Би бол эмгэн буурал хорвоогийн элгэн тушаа оршигч, хөгжил дэвшлийн замналтай, хүмүүнлэг ард түмний хөх монгол улсыг хөвсийтөл нь дарах цав цагаахан цасан ширхэгийн нэг.
Цас ороосой. Эмээдээ цайны мөс дөхүүлж өгөхсөн.
Гэрэл бүү харанхуйл” Дейгон.

О





Намайг листендээ нэмэх бол энд дар