Цэцгийн нэртэй сууринд
Дэлбээлж буй охины
Цэнхэр бошинзны хормойд
Салхины хэл тултирнам
Цагаан-Уул сум 2011-06-05
Э.Б-д
Ес дүгээр сар минь
Дүүжин сандал мэт салхи эсвэл
Түүний хэлмэрч мэт хонх минь
Хонх мэт зүрх минь
Ер бусын бороо эсвэл
Бороог л хүлээх цонх минь
Цонх мэт сэтгэл минь
Ес дүгээр сар минь
Цэцгэн титэмт охин эсвэл
Гоо охин мэт цэцэг минь
Ер бусын
Ес дүгээр сар минь
Цонх мэт сэтгэл
Хонх мэт зүрх
Цонхон дээрх цэцэг
Хонх дэлдэх охин
Ес дүгээр сар минь
Хүүхдээрээ чиний инээмсэглэл
Инээмсэглэлт минь зөвхөн
Ес дүгээр сар минь
1
Энд шиврэх бороог
Элсэн цөл мэт хүлээнэм
Элэгдэж дуусдаггүй салхинууд
Хэний зараалаар довтолгоно вэ?
2
Зурагдаагүй бүсгүйн хөрөг
Зураачаа хүлээх шиг
Жижигхэн тосгон
Зуун хаврын өмнө ийм л байсан мэт
3
Зовхин доорх мэнгэ шиг
Тийм зовлонт цаг хугацааны
Зохиолыг нь чи яг
Хэдэн хавар бичсэн бэ?
Нүдээ цавчихгүй
Цонхоор ширтэж зогсоод
Цаг хугацааг зогсоож чадна би
Нүдээ тас анисан ч чадна
Чамайг л бодсоор
Цаг хугацааг зогсоож чадна би.....
Гандангийн хүрдийг тойрох бүрд
Гараас чинь атгах шиг санагднам
Даль жигүүрээс чинь хөтөлцөөд алхахдаа
Дивааажинд би хичнээн ойрхон байгаа вэ.....
Ирэх гэж яарсаар
Эцчихсэн цаг хугацаа
Хашааны буланд
Гэрэвшин цухуйгаад
Нярайлсан эх мэт
Амар амгалан мэдэрч
Нялх хүүхэд шиг
Үнэгчлэн байнам...
Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол
Ердөө л дээвэрээс хавар дуслах
Болжморууд түлээний завсараар нуугдаж тоглох
Хажуу айлаас барисан талхны шинэхэн үнэр
Хамар цоргих
Салхи ямар нэг ая исгэрэхэд
Шонгийн утас дэм болох
Хэмнэлд нь хүүгийн минь хувцас
Хэцэн дээр хөнгөн бүжих
Энэ бүхнийг гэрийнхээ довжоон дээр харж зогсоод
Эзэмшил нутгаар хашаагаа төсөөлөх
Хаанд өөрийгөө өргөмжлөх
Ертөнцийг аврах гоо үзэсгэлэнг
Ердөө л энэ гэж нээх
Таталбар зураг шиг хотныхоо
Тахир зураасан гудамжинд
Харандааны үзүүрээр
Хатгачихсан цэг төдий зогсход
Хашааны минь гадна бөхийх
Хамсаатан гэмээр улиангарын
Ширгэсэн нулимс мэт навчсийг
Цаг хугацаа арчина
Ганцаардалд минь улам гүн живэх
Миний жижигхэн хотын
Гандмал хөшиг шиг салхинаас
Гашуудал амтагдана...
Тэнгэрийг бүүвэйлэх
Өвлийн ой шиг
Нам гүм байнам
Тэнд энд гишүү хугарч
Туулай дэгдэхэд үнэгчилээд
Тэнгэрийг бүүвэйлсэн
Өвлийн ой мэт
Нам гүмхэн зүүдэлнэм
Мөрөөдөж олсон энэ ойдоо
Морин жим дагаад
Мододоос сэмрэх цасыг
Мөрөн дээрээ тээгээд
Нам гүмхэн алхнам
Өнөөдөр маргааш тэгээд
Өнө мөнхөд
Өвлийн ой мэт
Нам гүмхэн амьдарнам...
\
Цаг хугацааг хүлээхдээ
Цаг хугацааг үдээд
Цас бударсан үдшээр
Цор ганцаар зогсном....
Цав цагаанхан
Цаг хугацаанууд
Алган дээр минь бууж
Амьсгал хураахад....
Хэмжээлэшгүй сайхан
Аз жаргалтай санагдаад
Хэний алган дээр
Зогсож буйгаа мартмаад л...
Алган дээр минь
Амьсгал хураах
Цаг хугацааг үдээд
Цаг хугацааг хүлээгээд...
Цаг хугацааны
Алган дээр
Цас мэт хайлнам
Цас л болж төрөх юм шүү...
Мөрөнгийн тэнгэр
Малгайлсан цастайд
Миний жижигхэн байшин
Мөсөн чихэр шиг харагдаад...
Зуухандаа гал нэмж
Ном тэвэрч суугаад
Зуу зуун жил ингэж
Нам гүм амьдармаар...
Үр минь хажуунаас
Өнхрүүшээ яриад эхэллээ
Үлгэр дотор амьдрах
Хичнээн сайхан юм бэ.......
Цонхоо хичнээн арчивч
Өнгө орохгүй тэнгэрийн
Цонхигор саарал царайг
Өдөржин ширтэж зогсход
Цэлмээх хүсэлд минь
Дэм болох гэж
Дээврээс нисэх шувууд
Дэмий л огт оргүйг зүлгээд ....
Саарал тэнгэр шиг
Миний сэтгэлийг
Саруул цонх мэт
Тунгалаг болгох
Алагхан зүрх шиг
Жижигхэн шувуухай
Альхан зүгийн тэнгэрийг
Арчиж яваа бол доо....
Зохиомол жүжиг мэт амьдралд чинь
Захиалагдчихсан туслах дүр би
Хөшигний ард давтаж давчихсан үзэгдэлээ
Хөл чичрэн байж чин үнэнчээр тоглосон
Аз жаргалыг чинь дараагийн үзэгдэлд
Цагаан морьтой залуу үнсэлттэйгээ бэлэглэхэд
Алга ташилт... тайзны гэрэл... цэцгэн титэм ...
Аль хэдийн үзэгчид туслах дүрийг мартчихжээ
Аньсан нүдэнд минь чиний зураг
Алгаараа үсээ илбээд л ганцаардаад л
Надгүйгээр хичнээн гунигтай байгаагаа
Нүдэнд оршигч минь ойлгож байна уу?
Чимээгүйхэн шанаагаа тулж нүдээ аньчихаад
Чиний уйтгараар би өөрийгөө дүүргэж байна
Инээмсэглэж л болохгүй шүү.... инээмсэглэж ....
Ийм зурагт хэзээ дурлсанийг минь ойлготол
Хэзээ ч юм гэгээвч гэгдсэн хүрээтэй шилний цаана
Хэн ч билээ тэр бүсгүй явахаа болиод удаж байна
Зурмал гэмээр байшин, модон саравч, олсон хэц
Зүс бороотой өдрүүдийг өвчсөн мэт өнөөдөр...
Хананд өлгөсөн хачин уйт энэ зурагыг
Харсаар сууж би цонх гэж нэрлэх үү...
Гол мэт биеийг чинь ширтээд
Гүүр мэт удаан зогсном
Ангир цээжний чинь зүүсгэл далайн чулуу
Амьсгалах чинь хүртэл давалгаа шиг юм
Нүдээ чамд үүрд юм шиг дүрчихээд л
Нүүх үүлсийн дор гүүр мэт зогсном
Аньсага нүд чинь яг бороо шиг тунгалаг
Амсчихмаар уруул чинь завь шиг хөвөх юм
Амьдралын урсгал гольдоргоо хэзээний өөрчилчхөж
Алсийн алсад жирийн гүүр ганднам

Мөрөө үлдээж
Урт замаа чирээд
Мөрөнгийн тэнгэрт
Тогорууд хөвөрнө
Шувуухай эсвэл
Навчны л хамаатан гэх бүсгүйг
Шуудангийн унаанд суулгаад
Үнсэж ч зүрхлэхгүй үднэ
Надаас бүхэлдээ зугтах мэт
Намар цаг.... намар цаг ....
................................
Миний гэх юмгүй
Миний л намар
Хэний бичсэн захидалын
Шарласан хуудас нь вэ?
Энхрийлэх мэт уншаад
Энгэрэн тушаа нандигнахад
Эргээд гүймээр он цагт
Хэний дурсамж гэрэлтэнэ вэ?
Хөлгүй нуурын эрэгт
Хөлөө дүрж суугаад
Хөвүүн багын дурсамжаа
Хөврүүлэн хөвүүлэн байхад
Лусын дагинад бичсэн
Шилэн лонхтой захидалын хариуг
Шууданч давалгаа өртөөлсөөр
Миний гарт атгуулнам
Ирсэн захидалыг яаран задлахад
Бичгийн минь хэвийг дуурайлган
Би чамд хайртай... гэнэм
Би эргэлзээгүй итгэм
Хөлгүй нуурын эрэгт
Хөлөө дүрж суугаад
Хөвүүн багын мөрөөдөлөө
Хүндэтгэл дүүрэн хөдөөлүүлнэм
Далавчаа дэвэх тоолонгоор чинь
Давалгаа хацрыг минь эсгэх юм
Нүдний гүнд дэх мөнхийн нуурнаас
Үүрдийн гуниг чи хэзээ нисэх вэ?
Харцнаас дүр чинь хэзээ арчигдаж
Хацарт үлдсэн уруул чинь хэзээ угаагдах вэ?
Чиний инээмсэглэл сонсох дуртай аязууд
Чихэнд минь эгшиглэхээ хэзээ зогсоох вэ?
Дурсамжаа би хэзээ сөхөхөө болиж
Дуслах нулимс минь хэзээ дуусах вэ?
Мөнхийн нууранд минь намар хэзээ ирж
Нүүдлийн шувуу болоод гуниг минь хэзээ нисэх вэ?
"Яавал аав нь чам шиг..." цааш унших »


